Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
Багш,эцэг эхийн хамтын ажиллагааны тухай тэмдэглэл дээр ажиллах
Эцэг эх бол хүүхдийн сурган хүмүүжүүлэх орчныг бүрдүүлэх гол үүрэг бүхий хүмүүс тул багш тэдэнтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай.
Ялангуяа анги удирдсан багш нь эцэг эхтэй ойр дотно харьцаж хамтарч ажиллахын хэрээр хүүхэд нь төдий чинээ зөв төлөвшил, хүмүүжилтэй болдгийг бид мэднэ. Иймээс багш нь удирдсан ангийнхаа сурагчдын эцэг эхтэй байнга уулзаж сургуулийнхаа явуулж байгаа үйл ажиллагааны зорилго зорилт, ач холбогдлыг танилцуулахаас эхлээд хүүхэдтэйгээ яаж харьцаж ажиллах талаар хүртэл зөвлөх шаардлагатай. Ингэж чадаагүйгээс эцэг эх нь хүүхдэдээ сургууль, багшийнх нь талаар зөв итгэл үнэмшил, сэдэл, хандлага бий болгож чадахгүй, үл ойлголцох байдал цөөнгүй гардаг.
Иймд багш, эцэг эхтэй ажилласан тухай тэмдэглэлийг эргэж үзэхдээ дараах асуултуудыг өөртөө тавьж хариулах шаардлагатай. Үүнд:
- Эцэг эхтэй ямар ямар чиглэлээр хамтарч ажиллаж вэ?
- Эцэг эх бидний ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Бид хүүхдийн сурлага, хүмүүжлийн ямар асуудлыг шийдвэрлэж чадав?
- Би эцэг эхийнхээ хэдэн хувьтай ажиллаж вэ?
- Бид юун дээр алдаж онов?
Ангийн сурагчдын ирцийн бүртгэл дээр ажиллах
Ангийн сурагчдын ирцийн бүртгэл дээрээс анги-хамт олны төлөвшил, сурагчийн хичээл, сурлагад хандах хандлагын талаар мэдэх боломжтой.
а. Ангийн сурагчдын тодорхой хичээлүүдэд яаж хандаж байгааг
в. Сурагчдын сахилга, хариуцлагын төлөвшлийг
с.Сурагчдын эрүүл мэндийн байдлыг улирал, хичээлийн эцэст нэгтгэн дүгнэж, түүнд тулгуурлан эцэг эх, хичээл заадаг багш нартай хамтарч ажиллах төлөвлөгөө бодлого гаргаж ажиллаж болно.
Сурагчдын хичээл, сургуулиас гадуурх сургалтад хамрагдаж буй байдлын тухай тэмдэглэл дээр ажиллах
Энэ бол сурагчдын хөгжил, төлөвшлийн тухай маш чухал мэдээлэл олж авах боломжийг багшид өгдөг. Иймд багш энэ хэсгийг хөтлөхдөө хүүхэд бүртэй уулзахын зэрэгцээ, тухайн сургалт, секц, дугуйлангийнх нь байгуулага дээр биеэр очиж уулзаж бодитой мэдээллийг оруулахыг хичээх шаардлагатай.
Энэ нь нэг талаас судалгаа бодитой болохын зэрэгцээ, тухайн хүүхдийн төлөвшлийн орчлонг танин мэдэх боломжийг өргөтгөж өгдөг. Иймд энэ хэсгээс дараах чиглэлийн мэдээллийг олж авч болно. Үүнд:
а. Ангийнхаа сурагчдын хувийн авъяас чадварын талаар
б. Тухайн сурагчийн нийгэмшил, төлөвшлийн түвшний талаар
в. Тухайн хүүхдийн хөгжил, ололт амжилтын тухай
г. Тухайн хүүхдийн амьдралын зорилго, хүсэл сонирхлын талаар
д. Анги- хамт олны ажилд тэднийг татан оруулцуулах арга зам, боломжийн талаар тодорхой мэдээлэл авч өөрийн сурган хүмүүжүүлэх ажлаа төлөвлөж явуулах боломжтой болно.
Анги хамт олны төлөвшлийн тухай тэмдэглэл дээр ажиллах
Анги удирдсан багш нь хичээл жилийн улирал тутамд анги-хамт олыхоо төлөвшилд ямар ахиц өөрчилт гарч буйг үнэлж, дүгнэж тэмдэглэх шаардлагатай. Энэ нь тухайн хамт олны хөгжлийн түүх болдог. Иймд энэ тэмдэглэл нь нэг талаас багшийн үйл ажиллагааны үр дүн, нөгөө талаас түүний хариуцдаг бүлгийн хөгжлийн талаарх мэдлэг чадварын илэрхийлэл болно. Энэ тэмдэглэлээ эргэж үзэхдээ:
- Манай ангийн хамт олны төлөвшилд ямар ахиц гарсныг тодорхой гаргаж уу?
- Бүлгийн хөгжлийн түвшнийг оновчтой тодорхойлж чадаж уу?
- Надад ямар нэг туршлага, сургамж үлдэв үү? гэдэгт анхаарах хэрэгтэй.
Ээлжит хичээлийн төлөвлөгөө дүн шинжилгээ хийх
Багшийн ЭХТ үзэхэд тухайн багшийн онол арга зүйн мэдлэг чадвараас гадна түүний ажлын хариуцлага, технологийн сахилгын байдал тодорхой харагддаг. Ийм ч учраас хичээлийн ээлжит хичээлийн төлөвлөгөө нь сурган хүмүүжүүлэх судалгааны чухал хэрэглэгдэхүүн болгодог.
Хичээлийн ээлжит хичээлийн төлөвлөгөөнд багш өөрөө болон хөндлөнгийн судлаач дүн шинжилгээ хийж болно.
1. Өөрөө өөрийгөө шинжих
Дараах хэдэн асуултыг өөртөө тавих шаардлагатай.
- Би орчин үеийн хичээлийн онцлогийн тухай юу мэдэж байгаа билээ?
- Тэр онцлогт чиглэсэн санаа ээлжит хичээлийн төлөвлөгөө маань хаана нь яаж тусгагдсан байна вэ?
- Одоо бичиж байгаа ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүд маань өмнө бичиж байсан конспектүүдээс ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүдээс юугаараа ялгаатай байна вэ?
- Энэ ээлжит хичээлийн төлөвлөгөө маань миний хичээлээ зохион байгуулахад ямар ашигтай байв?
- Үүнийхээ юуг нь яаж сайжруулах шаардлагатай байна вэ?
Эдгээр асуултад тодорхой хариулт өгч чадаж байвал энэ үед танд цаашид өөрийгөө хөгжүүлэх санаа олдоно.
Хэрвээ та эдгээр асуултад тодорхой хариулт өгч чадахгүй байгаа бол эдгээрийн талаар нөхөдтэйгээ ярилцах хэрэгтэй. Орчин үеийн хичээлийн тухай материал уншиж судлах хэрэгтэй.
2. Бусдын ээлжит хичээлийн хөтөлбөртэй жиших
Хамт ажиллаж байгаа багш нарынхаа ижил сэдвээр бичсэн конспекттой өөрийнхөө конспектийг харьцуулан жишиж болно. Ингэхдээ "хэнийх нь илүү сайн болж вэ?" гэдгийг үнэлэх бус "минийхээс илүү авчихмаар санаа юу байна вэ?" гэдгийг анхаарах нь чухал.
Харьцуулан жиших ажлыг хамтарч хийж ч болно.
Ийм харьцуулан жиших ажлыг ижил сэдвийн хэдэн ч конспект дээр хийж болно.
Түүнчлэн хичээлийн конспектийн тодорхой элементийг хэрхэн тодорхойлж, томъёолж бичсэн (төлөвлөсөн)-ийг харьцуулж болно. Жишээлбэл, "сэдэлжүүлэлтийн хэсгийг яаж төлөвлөж вэ?", "сурагчдын бие даах ажлыг зохион байгуулах хэсгийг хэрхэн төлөвлөж вэ?" гэх мэт.
3. Бусдаар дүн шинжилгээ хийлгэх
Үүний тулд мэргэжлийн заах аргазүйч, сургалтын менежер, хамт ажилладаг нөхдөдөө өөрийн конспектыг үзүүлж зөвлөгөө өгөхийг хүсэхэд л хангалттай. Тэдний хэлсэн ганц санаа ч өөрт чинь их санааг төрүүлж болно. Тэгэж чадахгүй ч түүнд талархах хэрэгтэй.
4. Бусадтай ярилцаж, өөрийн конспектийг үнэлэх
Хэрвээ конспект бичихэд тань ямар нэг саад бэрхшээл, хүндрэл гардаг бол чухам тэр хэсгийг яаж төлөвлөвөл дээр байдаг тухай заах аргазүйч, сургалтын менежер, хамт ажилладаг нөхөдтэйгээ санал бодлоо солилцож тэдний хэлж, ярьсантай өөрийнхөө конспектийн тухайн хэсгийг жишин үнэлж болно.
5. Бусдын хичээл дээр сууж ажиглаж санаа авах
Бусдын хичээл дээр сууж байхдаа өөрт тохиолддог хүндрэл, бэрхшээлийг тухайн багш яаж шийдвэрлэж байгааг ажиглавал, хичээл төлөвлөх болон зохион байгуулах үедээ түүний туршлагаас санаа авах боломжтой.
Өдрийн тэмдэглэл дээр ажиллах
Багш хүний сурган хүмүүжүүлэх туршлага хуримтлуулах нэг арга зам нь өдрийн тэмдэглэл хөтлөх явдал юм. Өдрийн тэмдэглэлд тухайн өдөрт тохиолдсон онцлог тохиолдлоос тэмдэглэх бөгөөд ингэхдээ сайн муу гэж ялгалгүйгээр юу болсныг товч бичихэд л хангалттай.
Иймээс багш өдрийн тэмдэглэлээ эргэж харж байх нь ашигтай байдаг. Тэндээс тухайн үедээ шийдвэрлэж чадаагүй зөрчлийг олж харахаас гадна түүнийг яаж шийдвэрлэвэл зохистой байсныг ч олж харж болно.
Хамгийн гол нь төдийд тэнд болсон үйл явдал өнөөдөр, энд яаж давтагдаж, яаж шийдвэрлэгдэж байгаа нь сурган хүмүүжүүлэх үйл явдлын хөгжлийг илэрхийлж байдагт оршино.
Чухам энэ өөрчлөлтийг мэдэрдэггүйгээс багшийн сурган хүмүүжүүлэх ажлын арга барил өөрчлөгддөггүй, өөрчлөх шаардлагатай байгааг ч ухаарч ойлгодоггүй байх нь бий.
Ер нь багш хүн өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа анхааралтай хандаж, эргэцүүлэл хийж үнэлгээ, дүгнэлт өгч ажиллавал өөрийнхөө алдаа, онооноос байнга суралцаж, тасралтгүй хөгжих боломжтой .
Үүнд өдрийн тэмдэглэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Багш бүхэн өдрийн тэмдэглэл хөтөлж, ажиллаж хэвших шаардлагатай юм.
Өдрийн тэмдэглэлтэй ажиллахдаа:
- Хэдийд юу болж байж вэ?
-Тэр үед бид ямар онцпог асуудалтай тулгарч байж вэ?
- Тухайн үед бид яаж шийдвэрлэж байж вэ? Тэр маань хэр оновчтой байж вэ?
- Одоо тэр асуудал ямар байдалтай илэрч байна вэ?
- Үүнийг яаж шийдвэл зохистой бол? гэсэн асуултуудад хариулт өгехийг хичээх хэрэгтэй юм.
Дүнгийн хавтгайд дүн шинжилгээ хийх
Ангийн улирал бүрийн дүнгийн нэгдсэн хавтгай дээрээс багшийн болон сурагчдын үйл ажиллагааны талаар маш үнэтэй мэдээллийг олж авах боломжтой.
Багш нар ихэвчлэн хүүхдийнхээ дүнг гаргаж, сургалтын менежерт дүнгийн хавтгайг тушааснаар үүргээ гүйцэтгэлээ гэж үзэж сэтгэл амардаг.
Гэтэл тэндээс багш нарын үйл ажиллагааны талаар маш их мэдээллийг олж харж болно.
1. Хичээл тус бүрийн сургалтын байдлын талаарх мэдээлэл
Энэ чухамдаа тухайн хичээлийг зааж буй багшийн ажлын үр дүнгийн тухай мэдээлэл юм. Үүний тулд тухайн хичээлийн дундаж үнэлгээг ангийн дундажтай жишиж абсолют хазайлтыг нь ангийн дундаж хазайлттай харгалзуулах шаардлагатай.
Үүний тулд тухайн хичээлийн үнэлгээний дундаж хувиас ангийн дундаж үнэлгээний хувийг хасна. Ингэхэд эерэг тоо гарч байвал тэр хичээлийн сургалт бусад хичээлийн төвшнөөс дээгүүр явж байгааг илтгэнэ.
Харин сөрөг тоо гарвал тухайн хичээлийн дундаж ангийнхаас доогуур байгааг харуулах болно.
Түүнчлэн тухайн бүлэгт ордог бүх хичээлийн үнэлгээний дунджуудыг ихээс нь бага руу жагсааж үзэхэд тухайн хичээл хэдэд жагсаж байгаагаар тэр хичээлийн сургалтын байдлыг үнэлж болно.
Мөн тухайн хичээлээр А ба В түвшний үнэлгээтэй суралцаж буй сурагчдын хувийн жингээр, сургалтын чанарыг үнэлж болно. Өөрөөр хэлбэл дундажаас дээгүүр түвшинд суралцаж буй сурагчдын хувийн жингээр үнэлнэ гэсэн үг юм.
Ганц хоёр хүүхэд хичээл дээр хэт доогуур үнэлгээтэй гарах нь тухайн хичээлд хандаж буй хувийн хандлагатай ихэвчлэн холбоотой байдаг.
2. Ангийн ерөнхий хөгжил, төлөвшлийн талаарх мэдээлэл
Ангийн сурагчдын сурлагын ерөнхий төлөв нь тухайн хамт олны хөгжил, төлөвшлийн хандлагыг харуулдаг.
Тухайлбал, улирлуудын дүнг хооронд нь харьцуулахад хамт олны, хөгжлийн байдал харагддаг бол өөр анги, бүлэгтэй харыдуулснаар тухайн хамт олны сурах чадварын төлөвшлийн байдал харагдана.
Улирлын дүнгийн үзүүлэлт улирал тутам ахиж байвал зохилтой. Гэтэл ихэвчлэн нэг болон гуравдугаар улиралд хоёр болон дөрөвдүгээр улирлаасаа доогуур үзүүлэлттэй гардаг тохиолдол түгээмэл байдаг.Энэ бол багш нарын үнэлгээнд хандах хандлагатай ч холбоотой байж магадгүй.
Ангийн сурлагын үнэлгээний чанарын үзүүлэлт нь мөн сурагчдын сурах чадвар төлөвшлийн илрэл байдаг.
Анги хамт олны сурлагын чанар дээшилж, үнэлгээний сарнил (сайн болон сул сурагчдын ялгаа ) багасах нь тухайн хамт олны нэгдэл сайжирч, хамтарч ажиллах, сурах чадвар төлөвшиж байгаагийн илрэл болно.
Нэг, хоёрхон сурагч олон хичээл дээр хэт доогуур үнэлгээтэй гарах нь ихэвчлэн тухайн хүүхдийн анги хамт олноосоо хөндийрөх, жожигрох хандлагын илрэл болдог.